2012 онд экспорт буурсанаас Ази, Номхон далайн бүсийн
өсөлт саарах үйл явц үргэлжлэх боловч тус бүс нутаг
дэлхийн эдийн засгийн өсөлтийн тулгуур байх болно.
Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос жил бүр эрхлэн гаргадаг Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн судалгааны 2012 оны тайланг бүсийн хэмжээнд танилцуулах ажиллагаа 30 гаруй оронд нэгэн зэрэг болж байна. Монгол улсад танилцуулах ажиллагааг Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгууллаа.
НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу энэхүү үйл ажиллагааг нээж, түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзерээс ирүүлсэн видео илгээлтийг дамжуулав.
Ази, Номхон далайн бүс нутаг нь гадны хүчин зүйлийн сорилттой тулгарсаар байгаа учраас 2012 оны судалгааны тайлан нь энэхүү сөрөг урсгал, тогтворгүй байдлыг гэтлэн давах ерөнхий зураглал болох зорилготой бөгөөд тулгарч буй гол эрсдлүүдийг тодорхойлж, тогтвортой нийтлэг өсөлтийг хангах бодлогын чухал асуудлуудад дүн шинжилгээ хийсэн ач холбогдлыг хатагтай Ноэлин Хэйзер онцлон тэмдэглэсэн юм.
2012 оны тайлангийн үндсэн мэдээллийг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын макро-эдийн засгийн бодлого, хөгжлийн газрын эдийн засгийн асуудал хариуцсан доктор Миа Микич танилцуулсан бөгөөд Монгол улсын эдийн засгийн дунд хугацааны хандлага ба хүртээмжтэй өсөлтийн талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч. Хашчулуун илтгэлээ. Тайлангийн нээлтэд төрийн болон төрийн бус, иргэний нийгэм, хувийн хэвшил, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд болон холбогдох яам, агентлагын эксперт, судлаач мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.
Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд гадаад орчин сорилт хэвээр байх учраас 2012 оны судалгаа энэхүү тогтворгүй байдлыг гэтлэн туулахад тус дөхөм болох ерөнхий зураглалыг гарахад анхаарал төвлөрүүлжээ. Энэхүү судалгаа нь Ази-Номхон далайн бүс нутаг хөгжил дэвшлийг хуваалцах тогтвортой замаар замнах үнэлж баршгүй чухал хэрэгслүүдийг тодорхойлж байгаа талаар, хөгжингүй орнуудад гаргах бүс нутгийн экспорт буурч, капиталын өртөг нэмэгдсээр байгаатай уялдаж Ази, Номхон далайн бүсийн өсөлтийн сааралт дахин нэг жил үргэлжлэх боловч тус бүс нутаг нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн хөтлөгч хэвээр байх болно гэсэн төсөөллийг өнөөдөр танилцуулж байгаа судалгаанд тэмдэглэсэн байна.
Бараа бүтээгдэхүүний үнэ тогтворгүй байгаа нь бас нэг сэтгэл түгшээж байгаа асуудал бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нэлээд хугацаанд үргэлжлэх хандлагатай байгаа тул ийм нөхцөлд улс орнууд хөгжил дэвшлийг хуваалцах нь ач холбогдолтойг онцолжээ.
Тус тайланд тооцоолсоноор бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын 2010 онд 8.9 хувь байсан өсөлт өнгөрсөн жил 7.0 хувь болж буурсан бол 2012 онд 6.5 хувь болж буурах төлөвтэй байна. Ийнхүү өсөлт саарах нь Ази, Номхон далайн бүс нутгийн инфляцийн түвшин 2011 оны 6.1 хувиас энэ жил 4.8 хувь болж буурахад нөлөөлнө гэсэн төсөөлөл гарсан байна.
Ази-Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг хэвээр байсаар байна
Евро бүсийн өрийн хямрал болон АНУ-ын эдийн засгийн байдал ээдрээтэй хэвээр үргэлжилсээр байгаатай уялдан бүс нутгийн уламжлалт экспортын зах зээлийн эрэлт хэрэгцээ буурч байгаа болон капиталын өртөг өсөж, зарим хөгжингүй орнуудын мөнгөний сул бодлого нь Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлтөд 2012 онд сөрөг нөлөө үзүүлнэ гэж тайланд дурджээ.
Хэдийгээр өсөлт саарах боловч бүс нутгийн өсөлт дэлхийн хамгийн хурдацтай өсөлт хэвээр байх ба Хятадын 2011 оны 9.2 хувийн өсөлтөөс буурсан ч 8.6 хувийн эрчимтэй өсөлттэй байх болно гэсэн төсөөлөлтэй байна. Өнгөрсөн санхүүгийн жилд Энэтхэгийн өсөлт 6.9 хувь байсан бол 2012 онд 7.5 хувь байх таамаглал гарч байна.
“Ази-Номхон далайн бүс нутгийн өсөлт бусад бүс нутгуудтай харьцуулахад илүү сайн байх болно. Дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн хөтлөгч бөгөөд шинэ өсөлтийн тулгуур байсаар байна. 2012 оны Ази, Номхон далайн бүс нутагтай хийх Өмнөд-Өмнөдийн худалдаа ид хөгжиж байгаа бусад бүс нутгуудын хувьд, тухайлбал Африк, Латин Америк, хөгжлийн өсөлт нь саарч байгаа хөгжингүй орнуудаас хамааралтай байх нөхцлийг багасгахад тус дэм болох” талаар хатагтай Хэйзерийн илгээлтэд дурдагдсан.
Бодлогын сорилтууд ба хувилбарууд
Энэхүү судалгааны тайлан Ази, Номхон далайн бүсийн орнуудад тулгарч байгаа хэд хэдэн бодлогын сорилтууд болон хувилбаруудыг дэвшүүлж байна. Үүнд:
- өсөлт ба инфляцийн тэнцвэрийн менежемент, мөнгөний бодлогоос гадна инфляцтай тэмцэх бусад арга хэмжээг авах;
- хөрөнгийн урсгал болон ханшийн хэлбэлзэлийг зохицуулах;
- дотоодын хэрэглээг хөхиүлэн дэмжиж өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулах, орлогын тэгш байдлыг хангах зүтгүүр болгох замаар өсөн нэмэгдэж байгаа ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх хувилбарууд багтаж байна.
2012 онд Зүүн Өмнөд Азийн өсөлт сайжрах ба Тайландад үерийн гамшгийн дараахь эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байна.
Хэдийгээр Зүүн Өмнөд Азийн олон улс орон дэлхийн эдийн засгийн хөгжлийн сааралтад ихээхэн өртөж байгаа ч гэсэн өнгөрсөн жилийн үерийн гамшгийн хохиролыг Тайланд улс амжилттай гэтлэн давж, сэргэж байгаатай уялдан энэ дэд бүс нутаг бага ч гэсэн 5.2 хувийн өсөлттэй байх төсөөлөл гарч байна.
Тайланд дэвшүүлж байгаагаар, 7.6 хувийн өсөлттэй байсан Хойд болон Зүүн Хойд Азийн өсөлт 2011 онд 7.1 хувьд хүрч саарсан ч Хойд болон Зүүн Хойд Ази эрчим хүчний үнийн өсөлтөөс улбаалан 2012 онд өсөлт нь 4.3 хувь хүрч буурах төлөвтэй байна. Номхон далайн арлын хөгжиж байгаа орнуудын хувьд 2012 онд өсөлтийн нийлбэр доогуур буюу 5.7 хувь байх төлөвтэй бөгөөд энэ нь Папуа Шинэ Гвиней улсын өсөлт хэт доогуур байгаатай холбоотой юм.
Өмнөд болон Баруун өмнөд Азийн хувьд 2011 оны 6.7 хувийн өсөлт нь 2012 өсөлт 5.8 орчим хувь байх төсөөлөл гарч байгаа бөгөөд гол нь инфляцийн эсрэг авч байгаа мөнгөний хатуу бодлоготой холбоотой юм.
Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нөхцөлд амьдрах
Богино болон дунд хугацаанд бүс нутагт тулгарах сорилтуудад Судалгаа дүн шинжилгээ хийж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байхыг цохон тэмдэглэсэн. Үүнээс гадна, шинээр гарч ирж байгаа улс орнуудын огцом өсөлттэй улбаалан урт хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байх учраас Ази, Номхон далайн бүс нутаг үнийн хэлбэлзэлийг зохицуулах шаардлагатай.
Бараа бүтээгдэхүүний энэ огцом өсөлт нь сорилт, боломжийн аль алийг бий болгож байна. Буурай хөгжилтэй улс орнууд өндөр үнэтэй бүтээгдэхүүнээр дагнах байдлаас аль болох зайлсхийх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс энэ нь үйлдвэржилт, эдийн засгийн төрөлжилт, чадавхийг бий болгох үйл явцад саад учруулж болзошгүйг анхааруулж байна.
Дэлхийн хэмжээний хязгаарлагдмал нийлүүлэлт болон бараа бүтээгдэхүүний зах зээл дээрхи санхүүгийн тоглоом, дэлхийн бэлэн мөнгө болон эдийн засгийн бус нийлүүлэлтийн шок, тухайлбал нефть үйлдвэрлэгч орнууд дахь улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь амь бөхтэй оршиж байгаа үнийн тогтворгүй байдал болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт урт хугацаанд үргэлжилж “шинэ хэвийн үзэгдэл” болох магадлалтай байгаа талаар судалгааны удиртгалд онцолжээ.
Өсөлтийг хүртээмжтэй болгох
Бүс нутгийн хувьд өөр нэг чухал асуудал бол өсөлтийг хүртээмжтэй болгох явдал юм. 1990-ээд оноос хойшхи хугацаанд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад орлогын тэгш бус байдал 15 хувь хүрч өсөөд байгаа нь сэтгэл түгшээж байна.
Орлогын тэгш бус байдал нэмэгдсээр байгаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн нийгмийн хөгжилд саад учруулж байна. Хүний хөгжлийн чухал зүйл болох эрүүл мэнд болон боловсролын талын асуудлууд орлогын тэгш бус байдалтай уялдаж бүс нутгийн олонхи оронд боломжийн 10-аас 30 хувийг алдахад хүргэж байна.
Бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын нэг тэрбум ажилчдийн хөдөлмөр эрхлэлт туйлын эмзэг асуудал болж байгаа бөгөөд албан салбарт ажил эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх асуудал улам бүр буурсаар байгааг судалгааны тайланд дурджээ. Түүнчлэн насанд хүрэгсэдтэй харьцуулахад залуус ажилгүйдэлд өртөх магадлал өндөр байгаа ба залуучуудын ажилгүйдлийн түвшин 2012 онд 10.2 хувьтай байх төсөөлөл гарч байгаа боловч сайн мэдээ нь дийлэнхи улс орон олон талт арга хэмжээг авах, өсөлтийн тэнцвэртэй байдлын урт хугацааны сэргэлтийг бий болгох, нийгмийн нэн шаардлагатай хэсэгт хүртээмжтэй болгохыг зорьж байгаа тухай судалгааны тайланд танилцууллаа.
http://www.unescap.org/unis/press/2012/may/g22.asp вэбсайтад орж англи хэвлэлийн мэдээтэй танилцана уу.
|