Монгол брэндийг дэмжигч "Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн"
“Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” (НСНБ) гэдэг нь “Орон нутаг ба дэлхий нийт” гэсэн ойлголт. Хэдийгээр тэс өөр ойлголт ч орон нутгийн гэж үздэг зүйлийг улам боловсронгуй болгож сайжруулснаар дэлхий нийтийн болгож болдог аж. Тухайлбал Англид орон нутгийн чанартай байсан хөл бөмбөг өнөөдөр дэлхий нийтийнх болсон төдийгүй хөл бөмбөгийн дэлхийн аваргыг бүхий л улс орны иргэд шимтэн сонирхдог. Үүнтэй адил НСНБ хөтөлбөрийн гол үндсэн зарчим энэ юм гэж Японы Ойта мужийн НСНБ олон улсын солилцооны хорооны Ерөнхийлөгч Морихико Хирамацу хэлсэн байдаг.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Монгол улсын Засгийн газар хамтран НСНБ хөдөлгөөний үндэсний хөгжлийн загварыг боловсруулж Засгийн газрын цаашдын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилготойгоор “Монголд Үйлдвэрлэл Хөгжүүлье” (МҮХ-1) төслийн нэгдүгээр үе шатыг 2005 оноос эхлэн хэрэгжүүлжээ.
Монгол улсын Засгийн газраас НСНБ үндэсний хөтөлбөрийг 2005 онд баталж, Шадар сайдын дэргэд НСНБ хөтөлбөрийн үндэсний зөвлөлийг байгуулан хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Эхний шатны хүрээнд (2005-2008 онуудад) хөтөлбөрийг зарлах, мэргэжил арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, үзэсгэлэн зохион байгуулах, туршлага солилцох үйл ажиллагаа явуулан, шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулжээ.
НСНБ санаачилга нь орон нутгийн онцлогтой бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, шинэ ажлын байрыг нэмэгдүүлснээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зах зээлийн шаардлага хэрэгцээг хангасан брэнд бүтээгдэхүүнтэй болох явдал бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилготой юм.
МҮХ-1 төсөл дээрх шалгуурыг хангасан долоон бүлийн бүтээгдэхүүнийг сонгон дэмжлэг үзүүлж иржээ. Үүнд: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ар гангат” ХХК-ийн зөгийн бал, Завхан аймгийн “Жаргалтай хоршоо”-ны улаан хальст сармис, Увс аймгийн “Чацаргана бүл”-ийн чацаргана, “Увс талст” ХХК-ийн жамц давс, Булган аймгийн “Сайхан харзтай” ХХК-ийн бог будаа, Өвөрхангай аймгийн “Хангайн сор” ХХК-ийн сарлагийн хөөвөр, хялгасан бүтээгдэхүүн, Дорноговь аймгийн “Говийн ургах наран” ХХК-ийн дэлхийн энергийн төв зэрэг юм.
МҮХ төсөл НСНБ санаачилгын хэрэгжилтэд бодитой дэмжлэг болжээ
МҮХ төслийнхөн НСНБ санаачилгын харилцагчдаа үзэсгэлэн худалдаанд оролцуулах, санхүүгийн үйлчилгээнд холбон зуучлах, сургалт, арга зүйгээр хангах замаар бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэхэд тэднийг дэмжсээр ирсэн байна. Мөн НСНБ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч үндэсний зөвлөлийнхөнтэй хамтран тэднийг бүтээгдэхүүнээ экспортлох, туршлага судлах, нөөц бололцоогоо нэгтгэх, мэдээлэл солилцох боломжийг бий болгожээ. Үүний дүнд бүлүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, үйл ажиллагаа нь тогтворжин, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, санхүүгийн хувьд бие даан, гадаад дотоод харилцаа улам өргөжжээ. МҮХ төсөл нь төслийн дэмжлэгийг хүртэгч иргэдийн дунд бүл үүсгэснээр ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад бодитой нөлөө үзүүлснийг дээрх бүлүүдийн амжилтаас тод харж болох юм.
Мөн төслийн харилцагч нартаа бичил санхүүгийн үйлчилгээ авах боломжийг бий болгох үүднээс Зээлийн батлан даалтын сан байгуулж, санхүүгийн түнш байгууллагатай гэрээ байгуулан бичил зээл олгож байна. Барьцаа хөрөнгө дутагдалтай харилцагчдынхаа зээлийн дүнгийн 50 хүртэлх хувьд нь батлан даалт гаргаж, Зээлийн батлан даалтын сангийн тухай ойлголтыг бий болгож, хэрэгжүүлэх боломжтойг төсөл харуулж чаджээ.
Цаашдаа НСНБ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж орон нутгийг хөгжүүлэхэд тус хөтөлбөрийн санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгахаар зорьж буйгаа өнгөрөгч 11 дүгээр сард болсон НСНБ үндэсний чуулганы үеэр салбарын сайд илэрхийлжээ. Уг чуулганаар төслийнхөн болоод төсөлд хамрагдсан аж ахуй нэгж байгууллагынхан тулгамдаж байгаа асуудал, жаргал зовлонгоо хуваалцаж, туршлага солилцсон, цаашдын хийх ажил, зорилго төлөвлөгөөгөө ярилцсан үр дүнтэй үйл явдал болсон гэж оролцогсод дүгнэсэн. Тиймээс дараагийн Олон Улсын НСНБ чуулга уулзалтыг Монголд хийхээр төлөвлөсөн байна.
АНУ, Энэтхэг улсад чацаргана гаргана
Төслөөс сонгон дэмжиж байгаа долоон бүлээс Увс аймгийн “Чацаргана бүл”-ийнхний хэрхэн ажиллаж амжилттай байгаа талаар онцлон хүргэе. Тэднийхэн энэ жил 80 гаруй га талбайд чацаргана тариалж 150-иад тонн ургац авчээ. Бүл болохын өмнө буюу одоогоос таван жилийн урд арван нэгхэн га талбайд чацаргана тарьж байсан тус бүлийнхэн өнөөдөр орон нутгийнхаа чацарганы нийт хэрэгцээг хангаад зогсохгүй нийслэл рүү жилдээ 15 тонн гаруй чацаргана нийлүүлдэг болсон байна. Мөн тус бүлийн гишүүн “Ус-Эрдэнэ” ХХК жилд 150 кг чацарганы тосыг Япон улсад нийлүүлдэг болжээ.
Хэд хэдэн нөхөрлөл, хоршоо, ХХК-ийг эгнээндээ нэгтгэн 2007 оноос нэгдсэн зохион байгуулалтанд орж ажилласан “Чацаргана” бүл нь одоогоор 62 гишүүнтэй бөгөөд ажил үйлс нь өөдлөн дэвжиж, өргөжихийн хэрээр шинээр 80 гаруй ажлын байр үүсгэн нутгийн иргэдийг ажиллуулж байна. Тэдний энэ амжилт НСНБ хөтөлбөр болоод “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төсөлтэй салшгүй холбоотойг тус бүлийн ахлагч Ж.Доожав гуай онцлон ярьсан юм.
Өөрөөр хэлбэл чацарганыг олон улсын зах зээлд гаргах бүрэн боломжтой, өрсөлдөх чадвар өндөр экологийн цэвэр бүтээгдэхүүн, орон нутгийн нөөц боломжинд тулгуурласан, ажлын байрыг олноор нэмэгдүүлэх боломжтой учраас төсөлд “Чацаргана бүл" хамрагдаж чадсан нь эдүгээ Монгол брэнд нэрээр дэлхийд гайхуулахад ойрхон болжээ. Дэлхийн гэхийн учир нэгэнтээ цэвэр байгалийн, чанартай бүтээгдэхүүн гэдгээр Япон улсад танигдсан чацарганы тосны гадаадын зах зээлд гарах зам хэдийнэ нээгдэж одоо АНУ болон Энэтхэг улс руу экспортлохоор судалгааны шатандаа явж байгаа гэнэ. Мэдээж дээрх улсуудаас гадна олон орон манай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг сонирхож байгаа нь дамжиггүй. Хэдийгээр бусад улс орнууд чацаргана тариалдаг ч байгалийн цэвэр бүтээгдэхүүн, хүний биед зайлшгүй хэрэгцээтэй 180 элементийг агуулсан чацаргана зөвхөн Монголд л ургадгийг гаднынхан мэдсэн нь лавтай. Тэгэхээр Ойта мужийн “Нэг суурин- Нэг бүтээгдэхүүн” олон улсын солилцооны хорооны ерөнхийлөгч Морихико Хирамацугийн хэлсэнчлэн Увсын чацарганы бүтээгдэхүүн орон нутгийн бус дэлхий нийтийнх болоход ойрхон байна.
Чацаргана тариалах нь хэдийгээр арчилгаа тордолгоо, хүч хөдөлмөр их шаарддаг ч Монголын, цаашлаад хүн төрөлхтөний эрүүл мэндэд байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ зайлшгүй хэрэгцээтэй, зах зээл нь өргөн хүрээтэй байх итгэл найдвар төрсөн учраас энэ бизнесийг сонгосон тухайгаа “Чацаргана бүл”-ийн ахлагч Ж.Доожав гуай хэлж байсан.
Тус бүлд эрдэмтэн судлаач, тариаланч, багшаас эхлээд олон төрлийн мэргэжилтэй хүмүүс бий. Мөн ганц нэгээрээ байснаас ингэж бүл болсон нь бие биенээсээ суралцахаас эхлээд дэм дэмэндээ ажил нь улам урагштай болсон гэсэн. Бизнесийн арга ухаанд суралцах, бүтээгдэхүүнээ борлуулах, олон нийтэд таниулах, гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцох, бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай зээл тусламжинд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зэргээр МҮХ төслийнхөн “Чацаргана бүл”-тэй хамтран ажилладагт тус бүлийнхэн талархаж байна.
“Чацаргана бүл”-ийнхэн олон үзэсгэлэн худалдаанд оролцож чацарганы суулгацаараа алтан медаль, үндэсний шилдэг бүтээгдэхүүн зэрэг цөөнгүй шагнал хүртсэний сацуу Монголынхоо мянга мянган хэрэглэгчдэд байгалийн цэвэр бүтээгдэхүүн чацаргана болон тос, шүүс зэрэг таван төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эрүүл аж төрөхөд нь тусалсаар байгаа юм. Цаашдаа ч тус бүлтэй хамтран ажиллах түншүүд нэмэгдэж, ингэснээрээ тэдний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэх нь дамжиггүй. Үүнд ч тэд барьц алдахааргүй болжээ. Учир нь тус бүлийнхэн жил бүр тариалалтаа өргөжүүлдэг байна. Ингэснээр өдрөөс өдөрт өргөжин тэлэх эрэлт хэрэгцээнд хөл алдалгүй чацарганы таван төрлийн бүтээгдэхүүнээ өргөн барих үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэгэнтээ жигдэрчээ.
Олон улсын зах зээлд гарахад Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй
Монгол улсын Засгийн газар 2009-2012 онд НСНБ хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлж байгаа билээ. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөтгөхөд татвар зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, зах зээлийг өргөжүүлэх, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагаанд чиглэсэн дэмжлэгийг Засгийн газраас үзүүлэхийг жижиг дунд бизнес эрхлэгчид хүсэж байгаагаа дээрх чуулганы үеэр хэлсэн.
Мөн энэхүү хөтөлбөр олон улсад хэрэгжиж байгаа чухал арга хэмжээ учир гадаад дотоодынхноос туршлага солилцох тал дээр Үндэсний зөвлөл болон холбогдох байгууллагууд тодорхой ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй байгаа гэнэ. Түүнчлэн бүс, аймаг, сумдын хэмжээнд дотоод нөөц бололцоогоо ашиглан уламжлалт болон шинээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд аттестатчилал явуулж баталгаажуулах шаардлагатай байгааг ч тэд хэлж байна.
Б.Майцэцэг
|