[ 2010 оны 7 дугаар сарын 29, Улаанбаатар хот]
English
 |
|
Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран хэрэгжүүлж буй “Бичил Даатгалын Зах Зээлийн Чадавхийг Хөгжүүлэх” төслийн хүрээнд ядуу, бага орлоготой иргэдийн даатгалын хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулсан эрүүл мэндийн бичил даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулах нээлтийн ажиллагаа болж өнгөрлөө.
Эрүүл Мэндийн Яам, Нийгэм Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон бусад олон улсын байгууллагууд, төсөлтэй хамтрагч даатгалын компаниудын төлөөллийн нийт 60 гаруй хүн оролцсон тус үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д. Баярсайхан, НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу нар нээн үг хэлж, төслийн удирдагч, мэргэжилтнүүд уг даатгалын бүтээгдэхүүний танилцуулга мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн Газрын “Мянганы Хөгжлийн Зорилт”-ын ядуурлыг бууруулах зорилтыг хангах болон даатгалын зах зээлийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын санхүүжилтээр 2009 оны 9-р сараас хэрэгжүүлж эхлээд байгаа уг төсөл нь ядуу, бага орлоготой иргэдэд хандсан, хөнгөлөлттэй, найдвартай нөхцөл бүхий бичил даатгалын бүтээгдэхүүнийг сонгогдсон даатгалын компаниудаар дамжуулан хүргэх замаар иргэдийн хувьд эрсдэлийг зохицуулах, даван туулах чадавхийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. |
Монголын арилжааны даатгалын компаниудын санал болгож буй даатгалын бүтээгдэхүүн ихэвчлэн дунд болон дундаас дээш орлоготой иргэдэд чиглэсэн байдаг бол бичил даатгал нь хураамжийн хэмжээ, нөхцөл, хамрах хүрээний хувьд ядуу, бага орлоготой иргэдэд зориулагдсан, тэдний ирээдүйн санхүүгийн хэрэгцээг хангахыг зорьдогоороо онцлогтой юм. 2012 он хүртэл хэрэгжих энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул, Налайх дүүргүүд, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгуудад төслийн хамтрагч Бодь Даатгал, Монгол Даатгал, Номин Даатгалын компаниудаар дамжуулан эрүүл мэндийн бичил даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэнээр манай улсад бичил даатгалын зах зээлийн суурь тавигдаж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д. Баярсайханы хэлсэнчлэн бичил даатгалын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах юм.
“Сүүлийн жилүүдэд ихэнх хөгжиж буй орнуудад бичил даатгалын эрэлт хэрэгцээ улам ихээр нэмэгдэх болсон. Учир нь бичил даатгал эрсдэлээс ангид, тогтвортой амьжиргааг тэтгэдэг бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг түргэсгэн улмаар Мянганы Хөгжлийн Зорилт 1: ядуурлыг бууруулах зорилтыг хангахад тодорхой хувь нэмэр оруулах боломжтой. Энэтхэг, Бангладеш болон Камбож зэрэг улсын туршлагаас харахад бичил даатгал нь зөвхөн ядуу, бага орлоготой иргэд болон засгийн газруудад нь ач тусаа өгөөд зогсохгүй урт хугацаанд хувийн секторын хөгжлийг хурдасгадагаараа ихээхэн ач холбогдолтой нь харагдаж байна.” гэж НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу хэлсэн үгэндээ дурдлаа.
Энэхүү эрүүл мэндийн бичил даатгалын нөхцлийн хувьд сард дунджаар 6,200 төгрөг буюу жилд дунджаар 74,000 төгрөгийн хураамжтай. Уг даатгал нэг гэр бүлийн 4 гишүүнийг хамрах тул хүн тус бүр жилд дунджаар 18,500 төгрөг буюу сард ойролцоогоор 1,500 төгрөг төлөн энэхүү даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ оношлогооны 100 мянган төгрөг хүртэлх зардал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний 400 мянган төгрөг хүртэлх, эмнэлэг хүрэх унааны 50 мянган төгрөг хүртэлх зардлыг даатгалын компани нөхөн төлөх юм.
Бага орлоготой иргэд энэхүү даатгалын тусламжтайгаар санхүүгийн аливаа бэрхшээлд оролгүйгээр эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн зардлаа дааатгалын компаниар төлүүлэн, амьжиргаандаа санаа зоволгүйгээр эрүүл мэндээ хамгаалах боломжоор хангагдах юм. Даатгуулсан нэг жилийн хугацаанд ямарваа эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй бол гэр бүлээрээ эрүүл мэндийн үзлэгт нэг удаа үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй бөгөөд ингэснээр иргэд маань өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэн, эрт оношлогоо, эмчилгээнд хамрагдах чухал ач холбогдолтой болж байна.
|
|

|
|