Эрхэм хүндэт Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрхэмсэг ноён Ц.Нямдорж,
Хүндэт зочид,
Ноёд, хатагтай нараа,
Хүний эрхийн долоо дахь удаагийн үндэсний чуулганд Нэгдсэн Үндэстний Байгууллагыг төлөөлөн оролцож, та бүхэнд мэндчилж байгаадаа миний бие баяртай байна. Хүний эрх бол НҮБ-ын тунхаг бичгийн үндэс суурь байдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр бид улс орнууд, тив дэлхий нийтээрээ хүний эрхийг хамгаалах үйлсэд зориулсан Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэж байна.
Монгол улс олон улсын хамтын нийгэмлэгийн нэгэн гишүүний хувьд хүний эрхтэй холбоотой олон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, бодлогын зөвлөмж гаргах зорилго бүхий Хүний эрхийн үндэсний чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулан Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэдэг сайхан уламжлалтай болсон билээ.
Одоогоос найман жилийн өмнө, үндэсний хэмжээнд судалгаа, хэлэлцүүлэг явуулах зэргээр бэлтгэл ажлыг гайхамшигтай хангасны үр дүнд Монгол Улсын Улсын Их Хурал Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр гэх энэхүү чухал баримт бичгийг баталсан. Монгол улсын иргэдийн эрхийг хангах, хамгаалахад чиглэсэн зорилт, үйл ажиллагааг тодорхойлсон тус баримт бичгийн ач холбогдлыг НҮБ өндрөөр үнэлдэг. Тэрээр тус баримт бичгийг боловсруулах, цаашлаад хэрэгжүүлэх үйл явцад та бүхэнтэй хамтран ажилласнаараа бахархаж байдаг юм. Монгол улсын Засгийн газар Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хороог Ерөнхий сайдаар ахлуулан байгуулах зэргээр Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх улс төрийн хүсэл зоригоо дээд хэмжээгээр үзүүлж байсныг сайшаан тэмдэглэхийг хүсч байна. Үндэсний Хөтөлбөр өнөө хэр амьд баримт бичиг байж, түүний хэрэгжилтэнд Засгийн газраас мониторинг хийн, үр дүнг нь иргэний нийгэмтэй хамтдаа хэлэлцэж байгаад туйлын баяртай байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлох, улс төрийн үүрэг амлалтыг бататгах болно гэдэгт итгэлтэй байна.
Эрхэмсэг ноёд, хатагтай нараа,
Би чуулганы хэлэлцүүлэгт оролцож Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарсан амжилт, бэрхшээлийн талаар илүү их мэдээлэл авах болно. Өнөөдрийн чуулга уулзалтын сэдэвтэй холбогдуулан Та бүхний анхаарлыг дараах зүйлд хандуулахыг хүсч байна.
Хэрэгжилтийн үр дүнг олон улсын болон дотоодын өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалтай уялдуулан авч үзэх хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Даяаршил, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн, улс хоорондын болон улсуудын доторх орлогын тэнцвэргүй байдлын нөлөө зэрэг дэлхийн нийтийг хамарсан хүчин зүйлс нь хүн амын ядуу, эмзэг хэсэгт хамгийн хүндээр тусч байгаад засгийн газрууд анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Эдгээр хандлага нь үндэстэн дамнасан гэмт хэрэг, засаглал гэмт хэргийн шинжтэй болох, авлига, хүний наймаа, шилжин суурьшигчдын эрх зэрэг хүний эрхийн олон шинэ асуудал бий болоход нөлөөлж байна. Монгол Улс өнөөдөр эдийн засгийн өсөлтийн үр шимийг нийт хүн амд тэгш хуваарилах, хүнсний аюулгүй байдал алдагдах, эрүүл мэнд доройтох, усны хомсдол, экологийн болон биологийн төрөл зүйлийн өөрчлөлт, эрчимтэй хөгжиж буй уул уурхайн салбараас гарч болох сөрөг нөлөөллөөс ядуу болон эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах чухал сорилттой тулгараад байна.
Иймээс, чухам энэ цаг үед, Монгол улсын өнөөгийн бодит нөхцөл байдалд хүний эрхийг бэхжүүлэх хэрэгцээнд цогц үнэлгээ хийсний үндсэн дээр тодорхой зорилт болгон дэвшүүлэн, практик үйл ажиллагааг хэрэгжүүлж, хангалттай эх үүсвэрээр дэмжиж, Засгийн газрын бүх шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлснээр амжилтанд хүрч болно. Энэ нь хүний эрхийг хангахад нийгмийн бүх салбарын дэмжлэгийг авахад чухал ач холбогдолтой болно.
Монгол улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээний байгууллагууд, түүний дотор Ээлжит нэгдсэн илтгэлийн дагуу гаргасан зөвлөмжүүдийг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгана гэдэгт НҮБ найдаж байна. Гэхдээ зөвлөмжүүдийг шууд хэрэгжүүлэхээс өмнө хүний эрхийн төлөв байдлын цогц шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх ажиллагааг тодорхойлох нь зүйтэй юм.
Эцэст нь би Хүний эрхийн өдөрт зориулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Бан Ки Мүний гаргасан илгээлтээс иш татан үгээ дуусгая: “Хүний эрх бидний хэнд ч ялгаваргүй үйлчилдэг. Гэхдээ, хэрэв бид эрхээ мэдэхгүй, эрхээ шаардахгүй, өөрийн болон бусдын эрхийг хамгаалахгүй, эрхээ хэрэгжүүлэхгүй бол тэр нь хий хоосон үг, хуучирсан баримт бичиг болж үлдэнэ.”
Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баяралалаа.
|