Эрхэмсэг хатагтай Сезин Синаноглу,
Хатагтай, ноёд оо,
Дэлхийн хүний хөгжлийн илтгэлийг танилцуулах өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэнд ирж байгаа луу жилийн мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс улс орнуудын Засгийн газруудын хөгжлийн бодлого, үйл ажиллагааг хэрэгцээнд суурилсан янз бүрийн хөтөлбөр, төслөөр дамжуулан дэмжиж ирсэн уламжлалтай билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэг хэлбэр нь дэлхийн болон үндэсний хүний хөгжлийн илтгэлийг боловсруулж гаргах, танилцуулах үйл ажиллагаа юм. Дэлхийн хүний хөгжлийн анхны илтгэл 1990 онд гарснаас хойшхи хугацаанд жил бүрийн илтгэл хүн төрөлхтөний өмнө тулгамдаж буй олон чухал сэдвийг хөндөж, ухаарал өгч, шийдэл хайж ирлээ. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс энэ удаагийн Хүний хөгжлийн илтгэлийг “Тогтвортой байдал ба эрх тэгш байдал: Бүх нийтийн төлөөх илүү сайн сайхан ирээдүй” сэдвээр гаргаж дэлхийн улс орнуудад танилцуулах ажлыг зохон байгуулж байгаа явдалд гүн талархал илэрхийлье.
Хүний хөгжлийн тухай ойлголт нь өргөн утгатай, хувь хүний эрх чөлөө, сонголт хийх боломжтой салшгүй холбоотой чухал ухагдахуун билээ. Тийм ч учраас улс орны хөгжлийн түвшинг үнэлэхэд хүний хөгжлийн үзүүлэлт гол шалгуур болж байна. Монгол Улс ардчилал, шинэчлэлийн замаар явж ирсэн 20 гаруй жилийн хугацаанд Хүний хөгжлийн 5 дахь илтгэлээ “Эмзэг байдлаас тогтвортой хөгжил рүү: Байгаль орчин, хүний хөгжил” сэдвээр 2011 онд гаргаж, байгаль орчны тулгамдсан асуудлууд хүний хөгжилд хэрхэн нөлөөлж буй болон нөлөөлж болох талаар хийсэн судалгаа, дүн шинжилгээ, цаашид анхаарвал зохих бодлогын зөвлөмжүүдийг танилцуулах зорилгоор шат дараалсан уулзалтуудыг зохион байгууллаа. Монгол Улсын Хүний хөгжлийн үндэсний илтгэлд хөндсөн олон асуудал Дэлхийн хүний хөгжлийн илтгэлд тусгагдсан банйа. Энэ нь улс орнуудын өмнө байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудал нийтлэг байдлаар тулгарч байгаагийн илэрхийлэл гэж юм.
Өнөөдөр бид дэлхий дээр долоон тэрбумуулаа амьдарч байна. Эх дэлхий маань бидэнд үр өгөөжөө харамгүй хайрлаж байгаа ч хүн төрөлхтөний улам бүр өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангах нөөц нь хязгаарлагдаж, ариг гамтай хандахгүй бол аюул занал ойртож байгааг алхам бүрд сануулах боллоо. Уур амьсгалын дулаарал, байгалийн гамшиг, эрс тэс үзэгдлийн учир шалтгаан хүний буруутай үйл ажиллагаатай илүү хамааралтай байгааг бид өөрийн орны жишээн дээр бэлхнээ харж байна. Хэдхэн жилийн өмнө Монгол улс байгалийн унаган төрхөөрөө дэлхийд гайхуулж байсан бол өнөөдөр байдал огт өөр болжээ. Ой модоо зүй зохисгүй ашигласнаас, уул уурхайн үйлдвэрлэлийг зохион байгуулалт муутай эрхэлснээс олон тооны гол горхи ширгэж, хөдөө орон нутагт хүн мал, ундны усаар гачигдаж, бэлчээр хомсдож, талхлагдаж, энэ нь хүмүүсийн аж байдалд сөргөөр нөлөөлж, тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Тухайлбал, Үндэсний статитстикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар ядуурлын түвшин нэмэгдсэн, ялангуяа хөдөөд илүү нэмэгдсэн байна. Нөгөө талаар хотынхонд агаарын бохирдол, ус, эрчим хүчний хангамж, хүрэлцээтэй холбоотой асуудал ноцтой болж байгаа билээ.
Тогтвортой байдал, ялангуяа байгаль орчны тогтвортой байдал бол дэлхий нийтээр хамтран шийдэх ёстой асуудал гэдгийг бид хүлээн зөвшөөрч, энэ талаар өөрийн орны хэмжээнд авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлон боловсруулаад байна. Ялангуяа нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын асуудалд анхаарах нь манай улсын хувьд нэн чухал болж байна. Улаанбаатар хотоос нэг жилд гарч буй нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээг бууруулахын тулд Богд хан уулын ой модыг 76 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний ой мод хэрэгтэй гэсэн тооцоог манай судлаачид гаргасан юм. Тиймээс бид гэр хороололд халаалтын хэмнэлттэй технологи, цэвэр түлш нэвтрүүлэхэд хөрөнгө оруулж байна. Мөн салхинаас эрчим хүч гаргах асар их бололцоог ашиглах ёстой гэж үзэж байна. Ингэснээр байгалийн нөөцийг хэмнэлттэй, зохистой ашиглах, байгаль орчиндоо эргээд хор хохирол бага учруулах ач холбогдолтой юм.
Тогтвортой нийгэм бол ард түмнийхээ төлөө анхаарал тавьдаг нийгэм мөн. Монгол Улс эдийн засгийн шилжилтээ амжилттай хийхийн зэрэгцээ өөрийн соёл, эрх чөлөө, хамтын ажиллагааны үнэ цэнээ хадгалж, иргэдээ нас, хүйс, амьдарч буй газраасаа үл шалтгаалан ижил тэгш боломжтой байлгахын төлөө ажиллахыг зорьж байгаа билээ. Дэлхийн Хүний хөгжлийн илтгэл нь хөгжил гэж чухам юу болохыг, бид хойч үедээ ямар нийгмийг, орчныг хүлээлгэн өгөх гэж байгаагаа дахин нэг тунгаан бодохыг сануулж буйгаараа асар их ач холбогдолтой юм.
Анхаарал тавьсанд баярлалаа.
|